Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Humanoid

2019 он, 10 сарын 01

Хэрвээ робот хүн шиг л харагдаж байвал түүнийг humanoid гэж нэрлэж болно. Гол нь хүн шиг толгой, үе мөчтэй байх ёстой. Зарим иймэрхүү роботууд зөвхөн бэлхүүсээс дээш эсвэл дан царай ч бүтээсэн байх нь бий. Тантай дажгүй ярьчихдаг робот толгой байвал түүнийг humanoid гэж болно.

Humanoid робот нь үйлдвэрийн бусад роботуудыг бодвол бүтээхэд хэцүү, зардал ихтэй, сүүлийн үеийн шилдэг технологиудыг ашиглах шаардлагатай болдог. Тэрээр орчин тойрноосоо хамааран үйлдэл, зорилгоо сольж чаддаг. Энэ бол хүн төст роботын бусад роботоос ялгагдах хамгийн гол шинж юм. Хүн төст робот нь явах, хөдлөх боломжтой байдаг болохоор ихэнхдээ дараах чадваруудыг эзэмшсэн байдаг.

• Өөрөө өөртөө үйлчилгээ үзүүлэх (өөрийгөө цэнэглэх)
• Автоматаар суралцах (гаднын тусламжгүйгээр өөрөө суралцах, шинэ нөхцөл байдал үүсэхэд дажгүй даван туулах)
• Хүнд аль болох хор хөнөөл хүргэхгүй байх
• Үйл хөдлөл нь болгоомжтой, удаан байдаг. (Гэтэл үйлдвэрийн тусгай зориулалтын роботууд асар хурдан хөдлөх нь бий.)

Хүн төст робот нь дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй. Мэдрэх хэсэг, Санаа авах, Төлөвлөх, Удирдах.

Ийм роботыг аль болох л хүн рүү ойртуулж бүтээхийг оролддог юм. Ер нь робот бүтээхэд олон системүүд шаардлагатай нь ойлгомжтой. Эрчим хүч, хөдлөх эд ангиуд, оновчтой удирдлага, араг яс, компьютерийн удирдлага, мэдрэх системүүд, өөрийгөө хөгжүүлэх, суралцах гэх мэт. Гэтэл бидний шинжлэх ухааны өнөөгийн хүрсэн төвшин зарим системүүдийг хангаж дийлэхгүй байна. Жишээ нь эрчим хүчийг хэрхэн бага зайд хадгалах вэ гэдэг асуудал одоо ч гэсэн бэрхшээлтэй хэвээрээ. Гэтэл эрчим хүчгүй бол ямар ч систем ажиллаж чадахгүй.

Тэгэхээр өөрөө явдаг роботууд өөрөө явдаг болохын тулд нилээд том батарейг үүрч явах ёстой болно. Гэтэл батарейнаас гадна хичнээн олон систем роботод хэрэгтэй болно гээч. Энэ бүхнийг роботын биед хамгийн оновчтой байрлуулна гэдэг үнэхээр хэцүү даалгавар болдог. Ингээд л хүнд их бие, хүнд батарей үүрсэн робот үсрэх ямар ч боломжгүй болж байгаа юм.

Та бидний бие хаа бол байгалийн бүтээсэн хамгийн төгс системүүдийн нэг юм. Өнөөдөр ч гэсэн эрдэмтэд хүний бие махбодийн зарим хэсгийн нууцыг илрүүлж чадаагүй л байна. Тухайлбал тархи бол одоо ч гэсэн нууцлаг хэсэг. Хэл яриа, араг яс, танин мэдэхүй зэргийг эрдэмтэд зүгээр л бүдүүн баргаар чиглүүлээд орхиж байгаа юм.