Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
Орчин үеийн роботуудыг хийдэг ажил, чадвараар нь үндсэндээ хоёр хуваан ашиглаж байна.
1. Роботууд хүнээс илүү сайн хийж чадах ажлууд. Ийм ажлуудыг роботуудаар хийлгүүлснээр эдийн засгийн хувьд ашигтай, үр бүтээмж өндөртэй, чанартай байдаг.
2. Хүн нь роботоос илүү сайн хийж чадах ажлууд. Гэвч янз бүрийн шалтгаануудын улмаас иймэрхүү ажлуудыг роботуудаар хийлгэх зайлшгүй шаардлага урган гардаг. Жишээ нь тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох, шороо тоос, химийн хүнд нөхцөлд роботуудыг ажиллуулах гэх мэтийг дурдаж болно.
Та бидний амьдралд илүү их хурдтайгаар, нарийн нягт нямбай гүйцэтгэх ёстой ажлууд бишгүй л тохиолддог. Тэр тусмаа үйлдвэрлэлийн орчинд роботуудад хийх ажил мундахгүй. Дээр үед үйлдвэрлэлийн ажилчид өдөр тутам нэг ажлыг ёстой л нуруугаа бөгтийтөл хийдэг байсан бол орчин үед өндөр технологийн үйлдвэрүүдэд тэдгээр залхуутай ажлуудыг роботуудад даалгаснаар бүтээмж нь хэд дахин өсжээ.
Анхны удаад роботуудыг бүтээх, суурилуулах өндөр зардалтай боловч урт хугацааны туршид ашиглаад ирэхээр зардал маш бага тусдаг. Асар олон тоогоор үйлдвэрлэдэг барааны үйлдвэрлэлд робот ашиглах нь өнөөдөр бараг л стандарт болжээ.
Роботыг хамгийн их ашигладаг салбарын тоонд автомашин, электрон барааны үйлдвэрлэл ордог. Үйлдвэрлэлийн салбарт роботуудыг ашиглаад нэгэнт 70 гаруй жил өнгөрчээ. Анх Unimate хэмээх роботыг суурилуулж байсныг та мэдэж авсан шүү дээ. Цутгах машинаас халуун эд ангийг зөөж гаргах үүрэгтэй байсан.
Харин өнөөдөр роботын зах зээл асар өргөн цар хүрээтэй болжээ. Үйлдвэрүүд роботыг суурилуулах нь өсөж, жил ирэх тусам хэд дахин нэмэгдэж байна. Дэлхий даяар 1,000,000-аас багагүй тооны роботууд ашиглагдаж байна гэсэн тооцоо бий. Эдгээр роботуудын 42% нь Японд, 40% нь Европын улсуудад, 18% нь Америкт ашиглагдаж байна.
→ Аж үйлдвэрт ашиглагдах роботуудын жишээ:
• Машин үйлдвэрлэл
Үйлдвэрт ашиглагдаж байгаа роботын сонгодог жишээний тоонд автомашин үйлдвэрлэл орно. Зурагтаар хааяа нэг машин үйлдвэрлэлийн тухай мэдээ гарахад цаана нь асар олон робот гарууд машиныг угсарч гагнаж, эвлүүлж байгаа харагддаг шүү дээ. Сүүлийн жилүүдэд бараг бүх л авто машин үйлдвэрлэлийн компаниуд ихэнх ажилчдаа роботоор орлуулаад байна. Жирийн нэг үйлдвэрт 100-аас доошгүй тооны робот ашиглагдаж байгаа бөгөөд зарим үйлдвэрийн шугамууд тэр чигээрээ роботоос бүтэх болж бүрэн автоматчилагдсан байна. Нэг робот 10 хүнтэй тэнцхүйц ажлыг нугалдаг гэж бодохоор хичнээн ашигтай нь тодорхой байгаа биз. Дамжлага туузан дээгүүр урсах эд ангиудыг роботууд угсарч, цуглуулж, нааж, гагнаж, зөөж тавьж, будах зэрэг ажиллагааг хийдэг. Тэд ямар ч алдаагүй, бас ажлаа өө сэвгүй хийдэг нь хичнээн ашигтай гээч.
• Боож багцлах: Үйлдвэрт бүтээсэн бараануудыг боох, зөөх, багцлах, хайрцаглах гэсэн асар том ажил байдаг. Эдгээр ажлуудыг роботуудад даалгах нь бас л зохимжтой юм. Жишээ нь дамжлага дээгүүр урсаад ирж байгаа эцсийн бүтээгдэхүүн болох шилтэй пивыг робот барьж аваад бэлэн байгаа хайрцагт хийнэ. Энэ ажлыг хүнд даалгатал нөгөөдөх маань алдаа гаргавал асар олон бүтээгдэхүүн бөөгнөрөн хайрцаглаж амжихгүйд хүрч, энд ч нэг пиво унаад л, тэнд ч нэг нь асгараад л, хайрцаг ч задраад л үйлдвэрийн сүүлчийн дамжлагыг зогсоохоос өөр аргагүйд хүрнэ. Том үйлдвэрт ганц минут саатахад л их мөнгөний алдагдалд орох ч тохиолдол байж болно.
• Электроник: Орчин үеийн электроникийн үйлдвэрлэлийг бараг бүгдийг робот гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно. Эх хавтан, процессор зэрэг нарийн эд ангиудыг хүн гүйцэтгэж угсарна гэхэд төвөгтэй. Конденсатор, хагас дамжуулагч зэргийг угсрах, үйлдвэрлэх зэрэг ажлуудыг роботод л даалгахаас өөр аргагүй. Жишээ нь та компьютерийн эх хавтанг хүн угсарч гагнана гээд бодоод үз дээ. Тэр олон мянган жижиг эд ангиудыг алдаагүй зөв гагнаж, нийлүүлнэ гэхэд үнэхээр итгэлгүй байгаа биз. Сайн хийгдсэн робот нь нэг секундэд хэд хэдэн эд ангийг нийлүүлж үйлдвэрлэж чадах бол хүн хэдэн секундэд нэгийг гараас гаргаж дөнгөвөл их юм. Тэгэхээр Тайвань, Малайз мэтийн орнуудын үйлдвэрт тэр чигээрээ роботууд байдаг гээд ойлгочход нэг их буруудахгүй.
• Автомат удирдлагатай тээврийн хэрэгслүүд: Асар олон тооны хөдөлгөөнт роботууд өнөөдөр ашиглагдаж байна. Тэд газар дээрх цагаан шугам, лазер мэдрэгч зэргийг мэдрэн өөрөө хөдөлдөг. Ийм роботуудыг гааль, асар том үйлдвэрийн агуулах, боомтод ашиглах нь түгээмэл. Дээрх ажлуудыг роботоор хийлгэх нь маш тохиромжтой гэдэг нь танд шууд ойлгогдож байгаа биз ээ. Жишээ нь ундааны шилэнд шошго наах ажлыг хүн хийнэ гэвэл хичнээн хэцүү болох билээ. Хүн хичнээн гоё наалаа гэсэн олон мянган ундаанд яг л завод юм шиг нааж чадна гэж үү. Ер нь дээрх ажлууд нь яг нарийн тодорхойлогдох боломжтой, үр дүнг нь нарийн тооцоолох боломжтой байгааг та анзаарав уу. Ихэнхэд нь хиймэл оюун ухаан, сэтгэх явдал огт хэрэггүй юм. Бүр боловсронгуй боллоо гэхэд л анхан шатны ганц нэг сэтгэх чадвар, эргэх холбоо, орчин тойрноо мэдрэх хамгийн болхи чадваруудыг нэмж суулгасан байдаг. Жишээ нь үйлдвэр доторх температурыг мэдэрч өөрийн ажиллагааг зохицуулах гэх мэт. Ингээд л болоо.. Бохир, аюултай, залхуутай, эсвэл хүн ажиллах аргагүй нөхцөл байдал. Роботыг бодвол хүн илүү сайн хийх ажлууд хар мянга билээ. Гэвч роботоор хийлгэх хамгийн гол шалтгаан бол хүн тэдгээр ажлуудыг хийх хүсэлгүй байдагт л юм. Жишээ нь шал угаах ажлыг та өдөржин хийхийг хүснэ гэж үү. Та хэдийгээр энэ ажлыг маш сайн хийж чадах боловч шал зүлгэнэ гэдэг хичнээн залхуутай билээ. Эсвэл галт уулын доторхийг судлах ажилд таныг хөлсөлье гэвэл та энэ ажлыг хийх үү. Таны биеэс уяад галт уул руу оруулна шүү дээ. Иймэрхүү ажлуудыг л "Бохир, аюултай, залхуутай" гэж нэрлээд байгаа юм. Түүнчлэн хүн хийх боломжгүй ажил байж болох юм. Жишээ нь өөр гаригт очиж судлах ажлыг одоохондоо робот л хийх боломжтой. Бас цөмийн цахилгаан станцын хоолойг цэвэрлэх, мэс заслын нарийн ажилбарт ашиглах дуранг роботод л найдахаас өөр аргагүй.
• Гэр дэх роботууд: өнөөдөр роботууд гэр ахуй руу орж ирэх үзэгдэл жинхэнэ моодонд орж байна. Үнэ нь буурч, хүчин чадал, тооцоолох боломж нь өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Ингэснээр та биднээс үл хамааран ажиллаж чадах роботууд гэрт маань үзэгдэх явдал улам л нэмэгдсээр. Одоохондоо гэрт байх роботууд бас л болхи хэвээр боловч зарим онцгүй ажлуудыг хийж чадах хэмжээнд очжээ. Тоос сорох, шал цэвэрлэх, зүлэг тайрах зэрэг ажлуудыг дажгүй сайн хийчих роботуудыг та монголоос ч олж болно. Иймэрхүү роботууд бие даан ажиллаж чадах бөгөөд түүнд ажлаа эхлэх командыг л өгөхөд болох юм. Ойрын жилүүдэд ийм роботууд дэлхийг бүрхэн эзлэх нь тодорхой болжээ. Бид ч гэсэн удахгүй тоос сордог, аяга угаадаг роботуудыг хаа сайгүй харах биз дээ.
• Телероботууд: Энэ бол алсны удирдлагатай роботуудыг хэлж байгаа юм. Гол хэрэглээ нь хүн ажиллах боломжгүй, алс хол эсвэл аюултай нөхцөлд ажиллах роботуудыг хэлнэ. Ийм роботууд сүүлийн жилүүдэд маш их хэрэглэгдэх болсон. Гол ялгаа нь түүнийг алсаас хүн (оператор) удирддаг. Удирдах хоорондын зай нь хажуугийн өрөө, хөрш орон, эсвэл зэргэлдээх гариг байж болно. Хүний биеийн улаан хоолойгоор ороод доторхийг нь дэлгэц дээр харуулж чадах робот бол оператораас маш бага зайд ажиллаж байгаа боловч түүний хийж байгаа ажил хичнээн чухал гэдэг нь ойлгомжтой. Телероботын хамгийн сонирхолтой нэгэн жишээг танд хэлж өгье. Margaret Atwood хэмээх зохион бүтээгч робот үзэгний патентыг авсан гэнэ. Тэр үзэг нь эзнийхээ гарын хөдөлгөөнийг яг дууриан хөдөлдөг. Гол хэрэглээ нь алсын зайнаас гарын үсэг зурах явдал гэнэ. Жишээ нь эхнэр тань банкнаас мөнгө авах гэтэл таны гарын үсэг хэрэг боллоо гэхэд та банк руу очих хэрэггүй. Гэрээсээ л робот үзгээ аван зурахад банканд байгаа эхнэрийн гар дахь баримтан дээр давхар зурагдана гэсэн үг. Эсвэл нэртэй зохиолч шинэ номон дээрээ гарын үсгээ ийм аргаар зурвал замын зардлаа маш ихээр хэмнэнэ гэсэн үг шүү дээ. Сүүлийн жилүүдэд машиныг зайнаас удирдах ийм арга хэрэглээнд нилээд нэвтрээд байгаа. Зайнаас мотороо асаах, гэрээсээ гарааш руугаа машинаа оруулах гэх мэтийг нэрлэж болох юм. Гэвч зарим хүмүүс иймэрхүү роботуудыг робот биш гэх хандлага байдаг. Яагаад гэвэл ийм роботууд нь маш жижигхэн, харагдах гадаад төрх гэж бараг байхгүй, дээрээс нь өөрөө өөрийгөө удирдаж чадахгүй билээ.
• Цэргийн роботууд: Цэрэг арми бол тухайн үеийнхээ хамгийн шилдэг технологиудыг хэрэглэдэг газар гэдгийг та хүлээн зөвшөөрч байгаа биз ээ. Энэ утгаараа цэрэг армид сонирхолтой роботууд маш олон бий. Жишээ нь нисэгчгүй сөнөөгч онгоц бол телероботын хамгийн сонгодог жишээ юм. Байдал хүндэрлээ гэхэд дотор нь нисэгч байхгүй учраас онгоцоо сөнөөж орхидог. Хүнтэй бол байдал хичнээн ээдрээтэй болох билээ. Ямар ч тохиолдолд хүнээ аврах гэж оролдоно, хүн нь олзлогдоно, нууцаа алдана гэх мэтээр олон олон эрсдэлүүд бий. Онгоцноос гадна олон олон телероботууд өндөр хөгжилтэй орнуудын цэрэг армид ашиглагдаж байна. Тэсрэх бөмбөг илрүүлэгч, аюулгүй болгогч роботуудыг онцлон дурдах хэрэгтэй. өнөөдөр ихэнх ийм роботууд операторын тусламжтайгаар хөдөлж, явж байгаа боловч онцгой тохиолдолд зарим нэг нь өөрөө шийд гаргаж чадаж байна. өөрөө шийд гаргана гэдэг бол асар том дэвшил асар том хариуцлага, асар том хөгжил юм. Нисэх үү, үлдэх үү, байгаа устгах уу, болих уу гэх мэт зарим онцгой шийдүүдийг оператораас үл хамааран гаргана гэсэн үг шүү дээ. Америкийн арми Ирак болон Афганистаны дайнд иймэрхүү өндөр технологийн роботуудыг хэрэглэж туршиж байсан. iRobot's Packbot, Foster-Miller TALON зэрэг роботууд нь зам дээр тавьсан бөмбөгийг аюулгүй болгох, тэсрэх бодисыг илрүүлэх зэрэг ажлуудыг хийсэн юм.
• Ахмадуудыг халамжлагч: Дэлхий дээрх хүн төрөлхтөн ерөнхийдөө хөгшрөх тал руугаа явж байна. Хөгшдөө бодвол хүүхэд төрөх явдал эрс багасжээ. Энэ утгаараа хөгшдөд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ илүү их эрэлттэй байх магадлалтай болж байна. Жишээ нь Япон бол тэр чигээрээ хөгширч байгаа орон юм. Дажгүй их мөнгөтэй япон хөгшчүүл Японд дүүрэн байдаг гэнэ. Тэдэнд зориулсан тусгай роботууд ирээдүйд ихээхэн гүйлгээтэй барааны нэг болох боломжтой. Хөгшин хүн болгонд тусгай халамж хэрэгтэй, гэтэл халамж тавих ёстой залуус нь цөөхөн бас завгүй. Тэгэхээр ийм ажлыг хийх роботууд л найдлага төрүүлж байна. Баас цэвэрлэх, хоол халаах, ор засах зэрэг ажлуудыг хийх роботууд удахгүй олноороо үйлдвэрлэгдэж эхэлнэ биз дээ.
——
За ийм л байна даа. Таны бизнест одоо хүртэл ганц ч робот байхгүй юу? Монгол шиг хүн ам цөөтэй оронд роботгүйгээр дэлхийд өрсөлдөнө гэхэд хэцүү дээ, хэцүү.
Дараагийн постоор онцгой содон роботуудын тухай хүүрнэх болно.