Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Дотоодын програм хангамжийн салбарт дархлаа бий болгох хэрэгтэй байгаа

2017 он, 04 сарын 21
“Интерактив” компаний Ерөнхий захирал: Б. УУГАНБАЯР

Танай байгууллагыг салбартаа ууган гэж хэлэхэд хилсдэхгүй байхаа. Тэгэхээр “Интерактив” компаний үүсэл хөгжил болоод түүхэн замналаас яриагаа эхлүүлэх үү?

-Мэдээллийн технологийн салбарт хувийн компаниуд ерээд оны эхэн үеэс үүсэж, компьютерийн худалдаа голдуу эрхэлж байсан санагдаж байна. Тухайн үед програм хангамжийн компани маш цөөхөн байжээ. Интерактив компани 1996 онд байгуулагдаж, нягтлан бодох бүртгэлийн програм хангамж боловсруулж, зах зээлд нийлүүлэх зорилго тавин энэ салбарт анх хөл тавьж ажиллаж байлаа. Төрөл бүрийн програм хангамж, мэдээллийн систем боловсруулж, нэвтрүүлэх гэж зүтгэсээр байтал цаг хугацаа өнгөрөөд аль хэдийнэ 18 жил болсон байна. Өнгөрсөн хугацаанд алдаж оносон зүйл байлгүй л яахав. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бид олон улсын стандартын дагуу програм хангамж үйлдвэрлэлийн процессыг нэвтрүүлэх гэж хичээн зүтгэж, тэр хирээрээ хийж бүтээсэн бүтээгдэхүүнүүд маань зах зээлийн хэрэгцээ шаардлагыг тодорхой түвшинд хангаж ирснээр өдийг хүртэл үйл ажиллагаа маань тасралтгүй, амжилттай явж байна гэж ойлгодог. Бидэнд итгэж, бидэнтэй хамтран ажиллаж ирсэн нийт харилцагч, хамтран ажилладаг байгууллагууд, компанийхаа үе үеийн ажилтнууд, удирдлагуудад баярлаж талархаж явдгаа Интерактив компанийхаа нэрийн өмнөөс илэрхийлэхэд таатай байна.  

- Хамгийн анх хөлөө тавьж байсан үеийг одоо үетэй харьцуулбал маш хэцүү хүнд үе гэж ойлгож байна. Учир нь тухайн үед мэдээлэл технологи битгий хэл компьютер ч ховор байсан үе шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Анх “Windows” үйлдлийн систем гарч ирээд л үүнийг хүмүүс яаж ашиглах вэ? яах вэ? гэсэн тийм л үед бид Windows дээр суурилсан нягтлан бодох бүртгэлийн програмыг анх удаа боловсруулаад зах зээлд нэвтрүүлж байсан. Тэр үеийн програм хангамжийн салбар нь зах зээлийн хувьд ч, хэрэглэгчдийн хувьд ч тэр цаашлаад технологийн хувьд ч бүх юм шинэ, туршлагажаагүй байж. Одоо үеийнх шиг ийм өндөр хурдтай интернэт сүлжээ байхгүй, хэрэглэгчдийн мэдээлэл технологийн мэдлэг боловсрол муу, санхүүгийн програм гэхээсээ компьютерийн мэдлэг боловсрол олгох сургалт их хийдэг байсан. Програм хангамжийн үнэлгээ ч маш доогуур, зах зээл маш хязгаарлагдмал байсан хэдий ч энэ үеийг бид амжилттай давж чадсан.

-Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа мэдээлэл технологийн компани  хэр их байдаг бол?

-Програм хангамжийн MOSA гэж холбоо байдаг. Энэ холбоонд бүртгэлтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компани бий. Гэхдээ Улсын бүртгэлд бүртгэлтэй мэдээлэл технологи, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 130-аад компани байдаг гэсэн статистик тоо баримт байдаг.
-“Интерактив” компани бусад компаниас ямар үйл ажиллагаагаараа давуу талтай гэж үздэг вэ?
- Програм хангамжийн салбарт олон чиглэлийн бизнесүүд байдаг. Гэхдээ зах зээлийн хувьд үндсэндээ гурван ангилалд хувааж үзэж болно. Нэгдүгээрт хувь хэрэглэгчид, хоёрдугаарт бизнесийн байууллагууд, гуравт засгийн газар.
Эдгээр зах зээлд өөр өөрийн онцлог бүхий програм хангамжийн хэрэгцээ шаардлага бий болж байдаг. Тэгэхээр програм хангамжийн компаниуд энэ гурван салбарт ажиллаж байна гэж хэлж болох юм.
Манай компаний хувьд бизнесийн байгууллага болон засгийн газрын байгууллагын үйл ажиллагаанд зориулсан Enterprise систем боловсруулах чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа нь бусад компаниудаас ялгарах тал юм болов уу. Учир нь, эдгээр зах зээлд зориулсан програм хангамж боловсруулах нь зөвхөн сайн програмистууд, сайн инженерүүдийн ажил биш болсон байна. Захиалагч байгууллагын, цаашилбал салбарын өмнө тулгамдаж байгаа хууль эрх зүйн, бүтэц зохион байгуулалтын, үйл ажиллагааны, техник технологийн гол гол хүндрэл бэрхшээл нь юу байна, түүнийг яаж шийдэх вэ? гарах арга замууд нь юу байна гэх зэргээр салбарын домайн экспертийн түвшинд ажиллаж байж сайн систем бий болох ганцхан боломж байна. Тиймээс манай компани төрөл бүрийн салбарын эксперт мэдлэгийн санг дотооддоо бий болгож, мөн тухайн чиглэлээр дотоодын болон гадны экспертүүдтэй хамтран ажиллах замаар гол асуудлуудыг тодорхойлох төслийн үндсэн концепцийг гаргадаг.
Үүний үндсэн дээр нарийвчилсан анализ хийгдэж, баримтжуулан, системийн байх ёстой загварыг гарган, захиалагчаар баталгаажуулсны үндсэн дээр програмчлах ажил эхэлдэг. Боловсруулсан програмыг тестийн төлөвлөгөөний дагуу тестлэж шалгаад нэвтрүүлдэг. Нэвтрүүлдэг хүмүүс нь тухайн салбарын мэргэжлийн хүмүүс байх жишээтэй.
Энэ талаас нь авч үзвэл програм хангамжийн үйлдвэрлэлийг цогц байдлаар нь шийдэхийн төлөө хичээн ажиллаж байгаа маань манай давуу байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бусад компаниуд ч гэсэн энэ чиглэлээр хөгжиж байна.

-Танай байгууллага хэр олон ажилчинтай вэ? Мэдээж мэргэжлийн мэргэшсэн хүмүүс  их ажилладаг байх?

-Одоогоор 80 гаруй ажилтнуудтай. Бид технологийн чиглэлээс гадна бизнесийн салбарт мэргэшсэн туршлагатай хүмүүсийг авч ажиллуулахад анхаарлаа хандуулж байгаа. Манай байгууллагын 50% нь программист, 50% нь бизнесийн удирдлага, санхүү, менежмент чиглэлийн хүмүүс ажилладаг. Орчин үед хамт олон, багийн тоглолт, төслийн удирдлага аливаа байгууллагын амжилтын үндэс болсон байна. Тэр дундаа програм хангамжийн компаний хувьд аливаа төлөвлөгөөт болон захиалгат ажлууд төсөл хэлбэрээр явагддаг. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацаанд, тодорхой төсөвтэй, тогтсон багаар ажиллана гэсэн үг.
Манай компаний залуучууд нэг асуудлыг хамтарч хийх тал дээр түлхүү анхаарч, суралцаж байгаа гэж ойлгож болно. Төслийн баг зөвхөн программистуудаас бүрдэхгүй. Дотроо төслийн менежер, бизнес аналист, программистууд, тестер, системийн сургалт, нэвтрүүлэлт хариуцсан хүн байх жишээтэй. Ингээд тооцоод үзэхээр нэг багт хамгийн багадаа 5-7 хүн байна. Тэгэхээр энэ баг тухайн төслийн хүрээнд нягт хамтран ажиллаж байж үр дүн гарах жишээтэй.

-Ямар ямар төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан бэ?  Үр дүн, ач холбогдлын хувьд ямар байв?

- Манайх 2007 оноос хойш засгийн газрын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Ер нь аливаа төслийг хэрэгжүүлэхдээ төслийн удирдлагын олон улсын стандартуудыг ягштал мөрдөх нь их чухал байдаг. Мөн багийн бүтэц зохион байгуулалт, төслийн сайн төлөвлөгөө, хэрэгжүүлэх стратеги, гүйцэтгэлийн хяналт, эрсдлийн болон асуудлын удирдлага, талуудын байнгын харилцаа холбоо гэх мэтчилэн олон төрлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулсны үр дүнд төсөл амжилттай хэрэгждэг.
Бидний хийж гүйцэтгэсэн, хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдвал Цахим татварын систем, Цахим сонгууль, Иргэний бүртгэлийн систем, Хурууны хээний систем, Иргэний болоод захиргааны хэргийн шүүхийн систем, Малын бүртгэлийн үндэсний систем, Уул уурхайн ил тод байдлын цахим тайлан, Зээлийн мэдээллийн сан гээд  амжилттай хэрэгжүүлсэн олон төслүүд бий.

- Мэдээлэл технологийн эрин үе гээд амтай болгон л ярьдаг. Яг үнэндээ хүмүүс мэдээлэл технологи яаж хөгжиж, яаж юм бүхэн өөрчлөгдөж улам нарийн, амар хялбар болоод байгааг,  үүнийг яаж бүтээгээд байгааг төдийлөн сайн  мэддэггүй  санагддаг. Тийм болохоороо зарим нэг зүйлийг хэрэглэгч болоод байгууллагууд төдийлөн сайн мэддэггүй тиймдээ ч ач холбогдол өгөхгүй байгаагаас болоод монголд мэдээлэл технологи бусад орон шиг хүлээн зөвшөөрөгдөхөөр хэмжээнд очихгүй байгаа юм болов уу гэж бодогддог?

-Хоёр талтай санагдаж байна. Манай улсын хүн амыг нийтэд нь аваад үзвэл технологийн мэдлэг, технологийн хэрэгцээ шаардлага  өдөр тутмынх нь амьдралд төдийлөн хэрэг болдоггүй нэг хэсэг байна. Хүн амын дийлэнх нь мэдээллийн технологи, програм хангамжийг өдөр тутамдаа хэрэглээд байдаггүй.  
Гэхдээ цаашдаа иргэд, байгууллагуудын мэдээллийн технологийн боловсрол дээшлээд ирэхийн цагт мэдээлэл технологийн төрөл бүрийн боломжуудыг ашиглан бизнесээ хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, онлайнаар суралцах, амьжиргааны түвшингээ сайжруулах, ажлын байр олж авах гэх мэт олон боломжуудыг ашиглаж эхэлнэ.
Бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон нийтийн хэрэгсэл болон мэдээллийн бусад сувгуудаар сайн сурталчлах, төлөвлөгөөтэй дэс дараатай арга хэмжээнүүдийг авч, сайн маркетинг хийж чадах юм бол цаашдаа мэдлэгтэй ажиллах хүчин бий болох, ингэснээр технологийн орц бүхий үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих, тэр хирээр материаллаг бус нөөц бүхий мэдлэгт суурилсан үйлдвэрлэлд шилжихэд түлхэц болно.
Манай салбарын хувьд техникийн мэргэжилтнүүд дийлэнх нь болохоор мэдээллийн технологийн салбарын маркетинг тааруухан байгаа нь үнэн. Мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих, сурталчлах, таниулах чиглэлээр мэргэшсэн хэвлэл мэдээллийн байгууллага ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Энэ мэтчлэн асуудлаас болоод энэ салбарын талаарх нийтийн ойлголт муу байгаа болов уу.

-“Цахим засаглал”*-ын талаар ойлголт өгөхгүй юу, манай орны хувьд хэрхэн хөгжиж байна?

-Одоо үед бүх юм цахим болж байх шиг байна. Миний бодлоор бол, “Цахим засаглал” гэдэг нь “Засгийн газрын үйл ажиллагаанд мэдээлэл технологийг үр дүнтэй ашигласнаар иргэд, бизнест төрийн үйлчилгээг шуухай, чирэгдэлгүй хүргэх, цаашлаад төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан хөгжүүлэх, бизнес процессын ре-инженеринг хийх замаар ухаалаг төрийг бий болгох” гэж томьёолж болох болов уу.
Тэгэхээр энэ концепцоор цахим засаглалыг хөгжүүлэхийн тулд түүний зорилго, ач холбогдол, хууль эрх зүйн зохицуулалтууд, удирдлага санхүүжилт, бүтэц зохион байгуулалт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, дэд бүтэц, үйл ажиллагаа, Засгийн газар, иргэд, бизнесийн хүсэл тэмүүлэл, хүний нөөцийн мэдлэг чадвар, үр дүнгийн талаарх нэгдмэл ойлголт зэрэг олон асуудлыг цогцоор нь авч үзэж, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай.
Манай улсын хувьд бол цахим засгийн чиглэлийн ажлууд тодорхой хэмжээгээр урагшилж л байна. Интерактив компаний хувьд ч гэсэн цахим засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан томоохон хэмжээний системүүдийг хөгжүүлэн нэвтрүүлж байна гэж боддог.
Гэхдээ аливаа хөгжлийг бий болгох үндэс суурь нь асуудлыг томоор харж, урьдчилан судалж, төлөвлөгөөтэй, дэс дараалалтай, уялдаа холбоотой хэрэгжүүлэх явдал гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Монгол Улсын хувьд уг нь цахим засаглалыг хөгжүүлсэн үлгэр жишээ орон болоход нэг их хүнд биш санагддаг, хэрвээ хийж чадвал олон улсын нэр хүнд, иргэдийн амьдрал, бизнесийн таатай орчныг сайжруулахад томоохон дэвшил гарна.
Иймээс Цахим засаглалыг хөгжүүлэх тал дээр УИХ, ЗГ, Ерөнхийлөгчийн зүгээс ач холбогдол өгөөд бодлогоор дэмжвэл их хурдан үр дүнд хүрнэ дэ. Одоо бол хараахан ингэж ажиллаж чадахгүй л байна.     

-НҮБ болон дэлхийн банкнаас олон улсын цахим засаглалыг хөгжлийн индексийн талаар тайлан гаргадаг байгаа. Үүнийг нэгдүгээр БНСУ удаагаар Голланд ордог гэсэн судалгаа байдаг. Тэгвэл манайх үлдсэн орнуудын хувьд ямар түвшинд явж байгаа бол гэж бодож байна.

-2014 оны байдлаар цахим засаглалын хөгжлийн индекс гэсэн үзүүлэлтээр манай орон 65 дугаар байрт эрэмбэлэгдсэн. 2012 онд 76 дугаарт байсан гэхээр тодорхой ахиц гарсан гэсэн үг. Манай улсын хувьд үүрэн холбоо, интернетийн сүлжээ хүртээмж зэрэг дэд бүтцийн үзүүлэлтүүд нэлээд сайн байдаг. Харин төрийн онлайн үйлчилгээ, бизнес эрхлэх орчны хялбаршуулалт, мэдээлэл солилцоо, мэдээллийн систем, бизнес процессын удирдлага г.м програм хангамж, мэдээллийн системтэй холбоотой үзүүлэлтүүд бол сайнгүй байгаа. Ялангуяа хөгжингүй Солонгос, Австрали, Сингапур гэх зэрэг орнуудын цахим засгийн хурдац яагаад ийм өндөр байна вэ гэхээр цахим засгийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжүүлэх стратеги, хариуцах эзэн, байнгын хэрэгжүүлэлт, санхүүжилтийн тогтолцоо, бизнес модель байгаа.  
Мэдээж төрийн байгууллага дангаар цахим засаглалыг хөгжүүлээд байхгүй. Дээр дурдсан хүчин зүйлүүдийн нөлөө, хөгжлийн түвшингээс хамаарч цахим засгийн хөгжлийн асуудал яригдана. Мөн технологийн тал дээр төлөвшсөн, маш хүчтэй хувийн хэвшил байдаг. Ойрын жишээ гэхэд, БНСУ гэхэд л Самсунг, SK, HIT, LG зэрэг томоохон компаниуд нь манлайлаад цахим засгийн чиглэлээр бүх системээ дотооддоо хөгжүүлсэн байдаг. Өнөөдөр эдгээр системүүд нь сайтар хөгжсөн, дотоодын хэрэгцээ шаардлагаа бүрэн хангадаг болсон тул Солонгосын засгийн газраас эдгээр бүтээгдэхүүнүүдээ гадны улс орнуудад санал болгож, экспортлох тал дээр компаниудаа дэмжин ажиллаж байх жишээтэй.  
Ер нь цахим засгийн үйлчилгээнүүд, мэдээллийн системүүд, технологийн асуудлаа хувийн хэвшилд outsourcing хийх замаар, нэгдсэн архитектур бодлого дээр суурилан урт хугацаанд тогтвортой, төлөвлөгөөтэй хөгжүүлж чадсан орнуудад цахим засаглал сайн хөгжиж байгаа хандлага нийтлэг байгаа.

-Таны бодлоор монголд мэдээллийн технологи хэр хөгжиж байна гэж үзэж байна. Цаашдын чиг хандлага  хэр харагдаж байна вэ?

-Ер нь монголд ч гэлтгүй дэлхийн хаа сайгүй л мэдээллийн технологийн давуу талыг хүн бүр мэддэг болж. Наанадаж гар утаснаас бүгд фейсбүүк, twitter хэрэглэж мэдээлэл солилцдог болсон. Урьд өмнө хэзээ ч ийм далайцтай иргэдийн хоорондын харилцаа бий болж байгаагүй. Өмнө нь хувь хүн өөрийн үзэл бодлоо тэр бүр хэлж, хуваалцаж чаддаггүй байсан бол интернет, мобайл төхөөрөмж, програм хангамж, онлайн үйлчилгээ ашиглан дуртай үедээ хэн ч хаанаас ч өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж санал бодлоо солилцдог болж. Тэрхүү санал олон нийтэд чухал санал бол дэмжигдээд иргэд ч гэлтгүй бизнес болоод төр засгаас дэмжээд хамтарч ажиллах гэх мэтчилэн боломж бүрдсэн үе болж.  
Мөн дээр дурдсан цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлд хувийн хэвшлийн компаниуд маань тодорхой чиглэлүүд дээр мэргэшээд, дотоодын хэрэгцээ шаардлагыг хангасан засгийн газрын бүтээгдэхүүн хийчих юм бол  дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж нээлттэй байна.
Өөрөөр хэлбэл бүх улс орны засгийн газруудын өмнө тулгамдаж байдаг асуудлууд ижилхэн. Өмнө дурдсанчлан боловсрол, эрүүл мэнд, барилга зам, дэд бүтэц, санхүү гэх мэт засгийн газрын үйл ажиллагааны мэдээллийн системүүдийн хэрэгцээ шаардлага улс орнуудад тулгамдсаар л байдаг. Тиймээс дотооддоо сайн системүүдийг тогтвортой хөгжүүлээд олон улсад дээр өрсөлдөх боломж бидэнд байгаа юм.
Манай компаний хувьд оны өмнөхөн Киргизийн сонгуулийн хороонд технологийн зөвлөхөөр сонгогдон ажиллаад, тэндхийн технологийн орчны үнэлгээ, байх ёстой шийдлийн талаар зөвлөгөө өгөөд ирсэн.

-Танай байгууллагаас гарсан бүтээгдэхүүнийг сонирхмоор санагдаж байна?

-Интерактив компани байгуулагдсан цагаасаа эхлэн санхүү нягтлан бодох бүртгэх, бизнесийн чиглэлийн төрөл бүрийн програм хангамжуудыг хөгжүүлж байлаа. 2008 онд компаний бүтэц өөрчлөгдөж, хөгжүүлж байсан Даймонд системээ зохиогчийн эрх, бүх зах зээлийн хамт Интерактив Би Ай ХХК байгуулан шилжүүлж өгсөн.
Энэ үеэс эхлэн Интерактив компани цахим засгийн төслүүд хэрэгжүүлэх олон улсын төслийн удирдлагын арга зүй, бизнес анализ, Enterprise architecture г.м чиглэлд гадаадын нэр хүндтэй компани, мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн дэ. Ингэснээр том хэмжээний мэдээллийн систем боловсруулах арга зүй, боломж, давуу талуудыг гадны зөвлөхүүдээсээ сайн ойлгож, суралцаж авсан.
Ингээд 2012 оноос бид эдгээр арга зүй, өмнө хуримтлуулсан туршлага дээрээ суурилан бизнесийн байгууллагын удирдлага, нөөц төлөвлөлт, гүйцэтгэлийн Veritech ERP гэсэн системийг боловсруулж, бизнесийн томоохон байгууллагуудад нэвтрүүлж, суурилуулаад явж байна.
Орчин үед ямар ч чадварлаг, ухаантай удирдагч аливаа бизнесийг зөвхөн өөрийнхөө туршлага эсвэл авьяас чадвар дээр суурилан удирддаг үе өнгөрсөн байна. Хичнээн сайн мэргэжилтнүүдийг авч ажиллуулж байгаа ч гэсэн мэдээллийн системгүйгээр томоохон бизнесийг удирдана гэдэг хэцүү болсон. Эдийн засгийн хямралтай байгаа өнөөгийн шиг үед ч бизнесийн оновчтой төлөвлөлт, гүйцэтгэлээ хянах, хөрөнгө оруулалт, үр ашгийн тооцоо, санхүүгийн болоод хүний нөөц, тоног төхөөрөмж, борлуулалт, өртөг зардал зэрэгтээ онцгой анхаарах  шаардлагатай байна. Энэ хэрэгцээг хангахын тулд Veritech ERP боловсруулагдсан гэж үзэж болно.
Бизнесийн компаниудын хувьд ямар бүтээгдэхүүн сонгож ашиглах вэ гэдэг дээр хүндрэл их байгаа нь харагддаг. Дотоодын ERP төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг боловч яг хэрэгцээ шаардлагыг хангадаг нь цөөн. Ер нь томоохон байгууллагын удирдлагын иж бүрэн систем байхгүй байна. Томоохон бизнесийн байгууллагууд гадны сайн системүүд болох SAP, Oracle ERP системийг худалдаж аваад ашиглах хандлага бий болж байна. Банкны салбар гэхэд л бүх банкууд гадны томоохон үнэтэй ERP системүүдийг ашиглаж эхэллээ.
Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй импортийн бүтээгдэхүүн авч байна гэсэн үг. Удахгүй гадагшаа сая, сая доллар урсаж эхлэх нь. Том бизнесийн ERP зах зээл дээр дотоодын сайн системүүд гарахгүй бол цаашдаа гадны системийн хэрэглэгч орон болоход ойрхон байна.
Тэгэхээр энэ зах зээл дээр үндэсний компаниуд сайн бүтээгдэхүүн хийж чадвал тэр хирээр гадагшлах мөнгөнийхөө урсгалыг зогсоох боломжтой. Гэхдээ том бизнесийн шаардлагыг хангах ERP cистем боловсруулна гэдэг их хэцүү, нарийн төвөгтэй ажил бөгөөд мөн зардал ихтэй.
Тус компаний хувьд өнгөрсөн 3 жилийн хугацаанд ERP системийн суурь платформоо боловсруулж одоогоор Стратеги төлөвлөлт, Нөөц төлөвлөлт, Санхүү НББ, Төсөв, Хүний нөөц, Борлуулалт, Үйлдвэрлэл, Худалдаа, Цалин, Төсөл, Худалдан авалт зэрэг үйл ажиллагааны үндсэн модулиудыг хөгжүүлж зах зээлд нэвтрүүлж байна.
Цаашдаа Барилга, Эрчим хүч, Эрүүл мэнд, Боловсрол, Тээвэр ложистик г.м бизнесийн салбарын үйл ажиллагааны үндсэн системүүдийг боловсруулан Veritech ERP системтэй интеграци хийж, илүү бүтээмжтэй бизнес хийх боломжийг компаниудад олгохоор ажиллаж байна.

-Мэдээж олон шагнал авч байсан байх. Хамгийн хүндтэй шагналаасаа дурдахгүй юу?

- Төрөл бүрийн өргөмжлөл, цом, батламж олон л байгаа. Гэхдээ ямар ч шагналаас илүүтэйгээр 2012 онд дэлхийн нэр хүндтэй 60,000 компаниудын үйл ажиллагаанд чанарын аудит хийж, стандартын баталгаажуулалт хийсэн Австралийн SAI GLOBAL компаний аудитаар орж, олон улсын чанарын удирдлагын ISO9001:2008 стандартын шаардлагад нийцсэн тухай батламж бидэнд хамгийн хүндтэй санагддаг. Энэхүү батламж нь Интерактив компани Програм хангамж боловсруулах, Мэдээллийн системийн төслийн удирдлагын үйл явц, процесс нь олон улсын түвшинд хүрснийг баталгаажуулж байгаагаараа их ач холбогдолтой гэж ойлгодог. Сүүлийн 3 жилийн хугацаанд манай компаний үйл ажиллагаанд SAI GLOBAL компаниас хагас жил бүр аудит хийж байгаа. Биднийг үнэхээр энэ стандартын шаардлагыг тогтвортой хангаж байгаа эсэхийг маань баталгаажуулж байна гэсэн үг л дэ.

-Сүүлд олон нийтийн нээлттэй ил тод санал асуулгаар тодруулдаг “BEST OF MONGOLIA 2014” оны шилдэг байгууллагын шалгаруулалтанд “Шилдэг мэдээлэл технологийн компани”-д нэр дэвшин өрсөлдсөн. Хэрэглэгчдийн санал та бүхний ажилд өгч буй дүн билээ. Баяр хүргэе.

-Баярлалаа. Мэдээж хэрэглэгчид гэдэг бол бидний үйл ажиллагааг дүгнэж байгаа хамгийн том шүүгчид шүү дээ. Манай компанийг, хийсэн ажлыг дэмжиж санал өгсөн хэрэглэгчид, харилцагчид, хамтран ажилладаг нийт байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.

-Салбар нэгт  хүмүүстээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Бид нэг салбарт ажиллаж, хөгжиж, алдаж онож, өрсөлдөж бас хамтарч байгаа хүмүүс. Нэг салбарын хүмүүсийн жаргал зовлон ижилхэн. Салбарын ижил төстэй компаниуд хоорондоо өрсөлдөх бол мэдээж жам ёсны байх л асуудал. Гэхдээ хамтарч ажиллах зүйл их байгаа.
Бидний хувьд салбарын хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн бодлоготой уялдуулах, цаашилбал, мэдээллийн технологийг үндэсний хөгжлийн хурдасгуур болгох, бусад салбаруудад хэрхэн ашиглаж хөгжлийг түргэтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийн тухай нэгдсэн ойлголт, зөвлөмжийг жил бүр бизнесүүд болон Засгийн газарт санал болгох байдлаар ажиллах хэрэгтэй санагддаг. Тэгж чадахгүйгээс үндсэн үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг хэрхэн ашиглахаа мэдэхгүй шийдвэр гаргагчид маш их боломжийг алдсаар, үр дүнгүй зардал урссаар байна.  
Програм хангамжийн компаниудын МОSA холбоогоороо дамжуулаад үйл ажиллагаагаа илүү сайн эрчимжүүлэх хэрэгтэй байгаа. Ядаж бид салбарт байгаа мэргэжилтэн, компани, бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээл, хэрэгцээ шаардлага болон борлуулалтаа бүртгэж, статистик мэдээллээр салбараа хангах хэрэгтэй байгаа.
Салбарын компаниуд, мэргэжилтэнүүд бидний өмнө дотоодын хэрэгцээ шаардлагаа хангах, мэдээлэл технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлээ гадны өрсөлдөгчдөөс хамгаалах, мэдээлэл технологийн дархлааг бий болгох, цаашлаад олон улсын зах зээл дээр гарч өрсөлдөх олон сорилтууд бас боломжууд хүлээж байна гэж харж байна.  

За сонирхолтой яриа өгсөнд баярлалаа.  Танай байгууллага дээр очиж уулзах, зөвлөлдөх, хамтран ажиллах сонирхолтой байгууллагууд байвал яаж холбоо барьж болох вэ?

Компаний офис Мэдээллийн Технологийн Үндэсний паркийн өмнө зүг харсан хаалга, гаднаа Интерактив ХХК гэсэн хаягтай байгаа. Мөн contact@interactive.mn имэйл болон 77778282, 70115252 утсаар холбогдож болно.