Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
Бизнесийн гадаад дотоод орчин хувирамхай учраас төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдлаа хангах компанийнх чадавх ирээдүйнх нь баталгаа болдог.
Эдийн засаг, бизнес нь субьектив, уран дүрслэлийг бус яв цав тоон илэрхийллийг шаарддаг. Тэгвэл ажил хэргийн үнэн төрхийг тодруулахын тулд л санхүүгийн анализ гарч ирсэн юм. Санхүүгийн анализын утга нь тоон үзүүлэлтээр илэрдэг учраас хэзээд товч тодорхой, ойлгомжтой байдаг.
Санхүүгийн боловсролтой хүн бизнес, хөрөнгө оруулалтын салбарт мөнгө олох бодолтой л бол орлоготой компанийг орлогүйгээс нь ялгах чадвартай байх ёстой.
Санхүүгийн анализ бол бизнесийн байгууллага, компанийн эдийн засгийн эрүүл мэндэд өгч буй үнэлгээ юм. Компанийн санхүүгийн үзүүлэлт, хувь хэмжээ, зэрэглэл, үржүүлэгч (multiplier) буюу хувиар илэрдэг үзүүлэлтүүдийг судалсны үндсэнд санхүүгийн байдлыг нь үнэлнэ.
— Санхүүгийн анализ хэнд хэрэг болох вэ?
Жишээ нь компанийн дээд удирдлагад хэрэгтэй. Энэ компанид мөнгөө оруулах нь зөв үү хэмээн тээнэгэлзэж буй хөрөнгө оруулагчдад хэрэгтэй. Энэ байгууллагад зээл олгох уу, яах вэ хэмээн эргэцүүлж буй банкууд шийдвэр гаргахын тулд санхүүгийн анализ хийдэг. Компани хөрөнгийн биржид хувьцаа гаргахаар шийдсэн бол бас л санхүүгийн анализ хийх хэрэг гарна.
Компанийн бизнесийн хүнд нөхцөлийг удирдлага нь хүртэл ойлгохгүй яваа тохиолдолд санхүүгийн анализ л байдлыг тодорхойлж өгдаг. Одоогийн шатанд болоод л байгаа мөртөө санхүүгийн анализ хийгээд үзэхээр хэдхэн жилийн дараа дампуурах тооцоо ч гарч мэднэ. Нүдэнд харагдахгүй байгаа юмыг харуулж өгдөг учраас л санхүүгийн анализ маш чухал.
Бид өмнөх постуудаар Дампуурах анализ, Тогтвортой байдлын анализ зэрэг хэд хэдийг уншсан билээ.
——
Компанийн бүх мэдээлэлд хандах боломж байгаа нөхцөлөөр санхүүгийн анализыг ойлгох гээд үзэцгээе.
Бодит амьдрал дээр хөрөнгө оруулах юм уу түншлэхээр сонирхож байгаа компанийнхаа санхүүгийн дотоод мэдээлэлд бүрэн чөлөөтэй хандах боломж баргийн хүнд олддоггүй. Дотоод мэдээлэлд хандах боломжгүй тохиолдолд шууд бус, дам эх сурвалж ашиглаж таарна.
Байгууллагын санхүүгийн нөхцөлийг үнэн зөв дүгнэхэд дам мэдээлэл тэр бүр тус болдоггүй ч зарим зүйлсийг заавал харгалзан үздэг. Үүнд:
- Валютын ханш;
- Эдийн засаг, санхүү, улс төрийн ерөнхий нөхцөл;
- Үнэт цаасны үнэ, үнэт цааснаас орох орлого буюу өгөөж;
- Харьцуулах бусад компанийн санхүүгийн үзүүлэлт.
Гадаад өгөгдөл гэгддэг эдгээр мэдээлэл нь таны хөрөнгө оруулалтын хэтийн төлөвийг үнэлэх хэрэглүүр болж өгнө.
Жишээ нь та нэг компанийн хувьцааг худалдаж авмаар санагдлаа. Гэтэл санхүүгийн тайланг нь үзчих арга байдаггүй. Тэгвэл дээр дурдсан үзүүлэлтүүд байдлыг хагас дутуу ч болов ойлгоход тань тус болно.
Маргааш Ашигт ажиллагааны анализ гээчийн тухай хальт үзсэнээр Санхүүгийн анализын тухай цуврал постууд маань дуусах болно.
— Бүх захирлууд эдгээр анализыг гарын доор үзэж байх шаардлагатай. ERP-тэй үед Realtime горимоор шууд хянах бололцоотой нь гайхалтай явдал юм. Аварга байгууллагууд ингэж л тогтвортой байдлаа хадгалж, санхүүгийн хувьд сахилга баттай байж чаддаг.